Нэгдүгээр хэсэг. Хууль зүйн албаны үүсэл /1911-1924/

ӨМНӨТГӨЛ

          Монголчууд өнө эртний түүх соёлтой, өвөг дээдсээ хүндлэн эрхэмлэх өндөр ёс суртахууны боловсролтой ард түмэн. Түүхэндээ олон төр улсыг байгуулж, бүс нутаг болон дэлхий дахинаа алдар цуугаа мандуулж  явсан, бусдын нөлөөнд автан харийн тамган дор захирагдан эрх, эрх чөлөөгөө алдаж байсан ч 1911 онд өрнөсөн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, төр засгаа байгуулан шинэ түүхийг эхлүүлж чадсан.

          ХХ зууны эхээр Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий дахинаа зарлан тунхаглаж, наймдугаар Богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд өргөмжлөн, Дотоод зэрэг анхны таван яам байгуулсны дотор Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам байгуулсан нь орчин цагийн Монголын хууль зүйн салбарын үндэс суурь болжээ.

Анхдугаар Үндсэн хуулийг 1924 онд батлан хэрэгжүүлснээс хойш 1940, 1960, 1992 онд нийт дөрвөн Үндсэн хуулийг батлан хэрэгжүүлж, төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх төрийн тогтолцоо, эдийн засаг, нийгэм, соёлын харилцааны суурь зохицуулалтуудыг бий болгох, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдэд хууль эрх зүйн ухамсар соёлыг төлөвшүүлэх үйлсэд Хууль зүйн салбарыхан онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үндсэн зорилготой Хууль зүй, дотоод хэргийн яамны түүхэн хөгжлийг XX зууны Монголын түүхнээ үлэмж нөлөө үзүүлсэн язгуур эрх зүйн бичиг болох-Үндсэн хууль баталж хэрэгжихийн урьдач нөхцөл болон Үндсэн хуулиуд батлагдан хэрэгжсэн цаг үеийн хязгаарт тулгуурлан архивын шинэ шинэ баримтыг олон нийтэд дэлгэн суртачилна. 

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

2021-12-07