“Дэлхийд тархсан Монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хааж, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нар үг хэллээ.

  Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар хэлсэн үгэндээ “Дэлхийд тархсан Монголын өв болох архивын баримт, гар бичмэл, бичгийн дурсгал зэрэг үнэт баримтыг нээн илрүүлэх, хамтран судлах, хуулбарлан авах хүч боломж, арга ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ гэх мэт судлаачид, архивчид бид бүхэнд туйлын хэрэгтэй онол практик, арга зүйн ач холбогдолтой асуудалд тодорхой хариу авч дор бүрнээ нэгийг тунгааж, нөгөөг эргэцүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн хурал боллоо” хэмээн онцлон дүгнэсэн бол Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун “Дэлхий дахинд буй архивын баримт, бичгийн дурсгалуудыг системтэй цуглуулах, бүртгэх, эрж хайх, хамтран судлах, хэвлэн нийтлүүлэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх цогц ажлыг Монгол улс өөрөө санаачлан ийм төрлийн хурал, үзэсгэлэн, уулзалтыг тогтмолжуулж 2 жил тутам нэг удаа хийвэл Монголын түүх, соёлын баялаг сан хөмрөг өргөжин тэлэх болно” хэмээн дүгнэсэн.

  Хоёр өдөр үргэлжилсэн эрдэм шинжилгээний хурлаар 8 орны эрдэмтэн, судлаачдын 24 илтгэлийг хэлэлцсэн ба 100 орчим хүн цахимаар оролцлоо.

  Хуралд идэвхтэй оролцсон эрдэмтэн судлаачид, зочин төлөөлөгч, сонирхогчид болон зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яамны хамт олонд талархлаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

2021-06-22